Монгол дуу дүрс сан ТББ, Аймгийн Соёл, урлагийн газар, Дэлгэрхаан сумын ЗДТГ хамтран Төв аймгийн Дэлгэрхаан суманд байрладаг түүх, соёлын дурсгалт Цогтхунтайжийн бичээс буюу Дуутын хар чулууны бичээсийн 400 жилийн ойн семинар, уулзалт, бэсрэг наадам 07 дугаар сарын 27, 28-ны өдөр өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээнд Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, аймгийн Музейн захирал Н.Мөнхсайхан, Монгол дуу дүрс сан ТББ-ын тэргүүн Б.Баясгалан Дэлгэрхаан сумын удирдлагууд болон Хүмүүн бичиг сонины эрхлэгч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Элбэгзаяа, Монгол туургатан театрын уран бүтээлчид нутгийн иргэд оролцлоо.
Монгол бичгээр сийлсэн хамгийн эртний түүх соёлын дурсгал бүхий Дуут хадны бичээсийг хамгаалах төслийг АНУ-ын Элчин Сайдын Соёлын өвийг хамгаалах сангаас 105 мянган ам.доллароор санхүүжүүлсан. Уг төслийн хүрээнд гүйцэтгэсэн барилга байгууламжуудыг төслийг гүйцэтгэгч “Монгол дуу, дүрс сан” ТББ-аас хүлээлгэн өглөө. Үүнд:
20м х 10м хэмжээтэй машины зогсоол талбай, холбогдох стандартын тэмдэгнүүд;
Амрах зориулалттай сүүдрэвч, ширээ сандал;
Сүүдрэвч мэдээллийн самбар, хавтангууд, хогийн сав;
Дуутын хадны тухай модон самбар, металл тайлбар ялтас;
Дэлгэрхаан сумын төвөөс Дуутын хад хүртэл босгосон, утасгүй дохиолол дамжуулах 6 шон, холбогдох техникийн шийдэл;
Дуутын хадны бичээсийн орчим байршуулсан 2 ширхэг өндөр нарийвчлал бүхий хяналтын камер;
Дэлгэрхаан сумын төвөөс Дуутын хад хүртэлх зам дагуу босгосон зүг чиг заах 6 ширхэг төмөр болон модон шонг зэрэг төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтуудыг Дэлгэрхаан сумын ЗДТГ-т хүлээлгэн өгч бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, хяналтыг хариуцах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол дуу дүрс сан ТББ санаачлан ЮНЕСКО-д бүртгэлтэй хосгүй үнэт түүхэн өв Цогтхунтайжийн бичээс буюу Дуутын хар чулууны бичээсийг хамгаалах олон улсын төслийн хүрээнд “Монгол туургатны семинар, аялал”-ыг зохион байгуулж, Халимаг, Буриад, Өвөрмонгол улсын 30 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.
Мөн Дуутын хадны бичээсийг ЮНЕСКО-гийн дурсгалт өвд бүртгэсэн гэрчилгээний хувийг Соёлын өвийн үндэсний төвөөс Дэлгэрхаан сумын ИТХ, Соёлын төв, нутгийн малчин иргэдэд гардууллаа.
2024.07.28